Чойбалсан сумын Хүүхдийн цэцэрлэгийн дотоод журам

       Нийтлэг үндэслэл 

         Цэцэрлэгийн багш ажилтнууд нь Монгол Улсын Үндсэн хууль , Хөдөлмөрийн тухай хууль, Боловсролын тухай хууль, Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, ариун цэвэр эрүүл ахуй, осол аюулгүйн дүрэм, журам, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагуудын тогтоол шийдвэр, бусад тогтоол шийдвэр бусад хууль тогтоомж , тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад актуудыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон хэрэгжүүлж багш ажилчдын ажил үүргээ өдөр тутам идэвхи санаачлагатай гүйцэтгэх, ажиллах нөхцөл бололцоогоор хангагдах,мэдлэг чадвараа дээшлүүлэх, хариуцлага, дэг журмыг сахин ажиллах зэрэг хөдөлмөрийн харилцааг зохицуулан  байгууллагын эрхэм зорилгыг хэрэгжүүлэхэд  оршино.

Нэг : Хөдөлмөр зохион байгуулалт

        1.1 Хүүхдийн цэцэрлэг нь СӨН – ны 2- 6 хүртэлх насны хүүхдэд тэдний нас бие, сэтгэхүйн онцлог, хэрэгцээ сонирхолд нь нийцсэн сургалтын үйл ажиллагааг эрхлэн явуулах бөгөөд цэцэрлэгийн ажлын нэг өдөр 9 цаг үргэлжилнэ .

       1.2.Хүүхдийн цэцэрлэгийн багш, ажилтангууд нь бие эрхтэн , сэтгэцийн хувьд эрүүл, хүүхдэд хайртай, бага насны хүүхдэд зөв үлгэр дууриал болохуйц зохих боловсрол, мэргэжил, харилцааны соёл эзэмшсэн, элдэв гаж зуршилгүй хүн байна .

       1.3. Шинээр ажилд орох иргэд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ . Үүнд :

          – Иргэний үнэмлэх

          – Нийгмийн даатгалын дэвтэр

          –  Эрүүл мэндийн даатгалын дэвтэр

          – Мэргэжлийн үнэмлэх , диплом

          – Эрүүл мэндийн шинжилгээний дэвтэр

       1.4 Шинээр ажилд орж буй багш ажилтныг Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 21,23,24 дүгээр зүйлийг үндэслэн харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээ байгуулан  гүйцэтгэх ажил,эрх үүрэг,ажлын байрны тодорхойлолт, дотоод журмыг танилцуулж судлуулан  ажиллуулна.

        1.5 Бүлгийн багш болон туслах багш, тогооч, няравыг ажилд авахдаа цэцэрлэгийн багш нарын зөвлөлийн хурлаар баталсан “ Багш ажилтныг сонгон авах журам”- ыг үндэслэн шалгаруулж  авна .

         1.6 Багш нарын зөвлөлийг цэцэрлэгийн эрхлэгчийн шийдвэрээр томилон ажиллуулна.

         1.7 Багш ажилтнууд хичээлийн жил эхлэхийн өмнө эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдсан байх бөгөөд  тухайн ажилтны биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалсан зайлшгүй шаардлагатай шинжилгээнд орох болон эмчилгээ хийлгэхэд  3 – 7 хоногийн цалинтай чөлөө олгоно.

        1.8  Багш ажилтнууд  сумын эмнэлэгт эмчилгээ хийлгэх шаардлагатай үед 5-10 хоног \Календарын хоногоор тооцон\, зайлшгүй шаардлагатай хүндэтгэн үзэх хувийн шалтгаанаар аймаг, нийслэл рүү явах шаардлагатай бол  жилд нэг удаа ажлын 5  хоногоор тооцон цалинтай чөлөө олгоно .

        1.9 Багш , ажилтны эхнэр , нөхөр , аав ээж , ах эгч, дүү , хүүхэд , хадам аав ,ээж нь хүндээр өвчлөх, нас барах, хүүхэд төрөх үед 7-14 хоногийн  цалинтай чөлөө олгоно.

        1.10 Багш ажилчид дотоод журмын 1.7 , 1.8, 1.9 – д заасан чөлөөг авахдаа хүсэлтээ бичгээр үйлдсэн, эрхлэгчээр шийдүүлэн цохолт хийлгэсэн бол хүчинтэйд тооцно .

 1.11 Багш ажилтныг ажлаас чөлөөлөхдөө Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 37,39,40,131 дүгээр зүйл, дотоод журмын 4-14 дүгээр заалтыг үндэс болгоно.

         1.12 Ажлаас чөлөөлөгдсөн ажилтан цэцэрлэгийн эрхлэгчийн томилсон хүнд болон өмч хариуцагч эзэн буюу няравт ажлаа биеэр хүлээлгэн өгч , тойрох хуудсаар тооцоо хийж дуусгана. Ажил хүлээлцэх үед цэцэрлэгийн өмч хамгааллын байнгын зөвлөлийн гишүүдээс байлцуулна.

        Хоёр : Ажил амралтын цаг, ажлын цаг

         2.1. Цэцэрлэгийн багш ажилтан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 1.2 дугаар заалтын дагуу ажилтан өдөрт 8 цаг , 7 хоногт 40 цаг хөдөлмөрлөнө.

         2.2 Багш нар өглөө 8.00 цагт ирж хүүхэд хүлээн авч сургалт хүмүүжлийн ажил  явуулан 18.00 цагт тарааж дуусгах бөгөөд багш нар 13 -14 цагт, туслах багш нар 11 – 12 цагт, бусад ажилчид 12-13 цагт үдэлнэ.

        2.3 Багш байхгүй тохиолдолд туслах багш багшийн бэлтгэсэн хөгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу сургалт хүмүүжлийн болон цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг хариуцан хийнэ.Туслах багш байхгүй байгаа тохиолдолд багш цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг давхар гүйцэтгэнэ.

        2.4  Багш, туслах багш нар тус тус өдөрт 1цаг, жижүүрүүд  хагас бүтэн сайн өдөр болон бусад шаардлагатай үед  илүү цагаар ажиллана.

        2.5 Багш ажилтан нь хүндэтгэн үзэх шалтгаанаар  ажилдаа ирэх боломжгүй болсноо цэцэрлэгийн эрхлэгч, жижүүр багшид заавал мэдэгдэнэ. Цагаа бүртгүүлээгүй буюу хүндэтгэн үзэх шалтгаанаа ирж мэдэгдээгүй бол ажил тасалсанд тооцно. Чөлөө болон бусад  тохиолдлоо бичгээр үйлдэн эрхлэгчээр цохуулна.

        2.6  Багш ажилтны ээлжийн амралтыг байгууллагын үйл ажиллагааны онцлогтой уялдуулан хичээлийн жилийн эцэст олгоно.

       2.7 Хичээлийн жилийн бэлтгэл хийх болон онцгой байдал тогтоосон үеэр ээлжийн амралт авсан ажилтныг ажиллуулвал Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 заалтыг үндэслэн амралтыг нь  биеэр эдлүүлнэ .

       2.8 Бүлгийн багш буюу туслах багш нарын аль нэг нь 7-оос дээш хоногоор байхгүй байх тохиолдолд оронд нь түр хугацаагаар ажилтан авч ажиллуулан үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцлийг хангана.

      Гурав. Цалин хөлс , олговор, урамшил

       3.1 Багш ажилтны үндсэн цалинг Монгол улсын хууль тогтоомж , Засгийн газрын шийдвэрийг үндэслэн оны эхэнд , хичээлийн жилдээ 2 удаа шинэчлэн тогтооно.

       3.2 Багш ажилтны нэмэгдэл хөлс болон зэргийн нэмэгдлийг хууль тогтоомжийн дагуу ажлын чанар , үр дүнгээр олгоно. Багш ажилтны ур чадвар, үр дүнгийн нэмэгдлийг ажлын үр дүнгээс хамааран улирал тутам 10-45% – иар тооцон олгоно.

       3.3 Байгууллагаас багш ажилтны мэргэжил дээшлүүлсэн сургалтын хөлс болон замын зардлыг шаардлагатай тохиолдолд бүтнээр буюу тодорхой хувийг олгоно.

       3.4 Багш, ажилчдад Хөдөлмөрийн тухай хуулийн 52, 53 дугаар зүйлийг үндэслэн илүү цагаар ажилласны хөлс олгоно.

       3.5 Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийг үндэслэн багш нь туслах багшийн , туслах багш нь багшийн , тогооч нь тогооч, туслах багш , үйлчлэгч , үйлчлэгч нь туслах багшийн , нярав нь угаагчийн , угаагч нь туслах багш , үйлчлэгчийн , сахиул нь галчийн зэрэг мэргэжлийн ажилчид харилцан тус тус эзгүй байгаа ажилтны ажлыг түр хугацаагаар орлон хавсран гүйцэтгэж  болно.

       3.6 Эзгүй байгаа ажилтны ажлыг хавсран буюу орлон гүйцэтгэсэн тохилдолд Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийг үндэслэн сарын үндсэн цалингийн 40 хүртэлх хувиар тооцон хөдөлмөрийн хөлсийг олгоно.

       3.7 Эзгүй байгаа ажилтны ажил үүргийг түр орлон гүйцэтгэх хугацаа нь ажлын 7-14 өдрөөс  илүүгүй байх ба энэ тохиолдолд цэцэрлэгийн захиргаа орны ажилтныг томилон ажиллуулна.

       3.8 Хөдөлмөрийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 1 , 33 дугаар зүйлийн 1 дүгээр заалтыг үндэслэн ажилтныг өөр ажилд түр хугацаагаар шилжүүлэн ажиллуулж болно.

       3.9 Багш ажилтныг ажлын амжилт , бүтээлээр нь хичээлийн шинэ жил, оны эцэст, багш нарын баяр, цагаан сар, олон улсын эмэгтэйчүүдийн баяр, болон бусад баярыг тохиолдуулан мөнгөн болон эд материалын хэлбэрээр шагнаж урамшуулна.

       3.10  Байгууллагын захиргаа багш ажилчид , анги бүлгүүдийг тухайн жилд хийсэн ажлын үр дүнгээр шалгаруулж нэг удаагийн тэтгэмж,  урамшууллын зардлын санхүүжилтийн байдлаас шалтгаалан доорхи байдлаар шагнаж  болно.

                  – Ажлын үр дүнгээ 90 – 100% биелүүлэн ажиллаж “А” үнэлгээ авсан бол “ Оны тэргүүний ажилтан “- аар тодруулан алдаршуулан өргөмжлөл нэг сарын цалинтай тэнцэх нэмэгдэл

                 – Ажлын үр дүнгээ 80 – 90 % биелүүлэн ажиллаж “В” үнэлгээ авсан бол нэг сарын цалингийн 40 – 50% – тай  тэнцэх нэмэгдэл

                – Ажлын үр дүнгээ 70 – 80 % биелүүлэн ажилласан бол нэг сарын цалингийн 20 – 30 % – тай тэнцэх нэмэгдэл олгоно.

     3.11 Багш ажилтныг удирдах дээд байгууллагын болон төр засгийн шагналд хамт олноос гаргасан санал тодорхойлолтыг үндэслэн дэвшүүлнэ .

     3.12 Багш ажилтнууд, хүүхэд, эцэг эхчүүдийн дунд уламжлалт болон цаг үеийн тэмдэглэлт үйл явдал, баяр ёслолыг тохиолдуулан болзолт уралдаан тэмцээнийг зарлан явуулж хамтын үйл ажиллагааг идэвхжүүлнэ .

     3.13  Багш ажилчид, эцэг эхийн зөвлөлийн гишүүдийн дунд аймгийн төвд болж буй томоохон уран бүтээлчдийн концерт, тоглолтыг үзүүлэх ажлыг шаардлагатай үед зохион байгуулна .

     3.14 Цэцэрлэгээс тэтгэвэрт гарсан өндөр настнуудыг ахмадын өдөр , цагаан сарын баярыг тохиолдуулан хүлээн авч хүндэтгэл үзүүлнэ .

     Дөрөв. Байгууллагын эрх үүрэг , хариуцлага

     4.1 Багш ажилтны ажил хөдөлмөрийг зөв оновчтой зохион байгуулах, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй нөхцлөөр хангаж, тэднийг хөдөлмөр хамгаалал, ажил, албан тушаалын чиглэлээр зөвлөгөө зааварчилгаагаар хангана.

     4.2 Сургалт хүмүүжлийн ажлын агуулга, арга зүй, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, багш ажилтны мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, байгууллага хамт олон , ажилтны ажлын амжилт тэргүүн туршлагыг нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулна .

     4.3 Цэцэрлэгийн сарын ажлын төлөвлөлт,  гүйцэтгэлийг сар тутам хэлэлцэн батлах бөгөөд багш нарын зөвлөлийн хурлыг шаардлагатай үед хуралдан асуудлыг шийдвэрлэх , сургууль цэцэрлэгийн зөвлөлийн хурлыг бүрэн эрхийнх нь хугацаанд 3 – аас доошгүй удаа хуралдуулж  шийдвэрийг хэрэгжүүлнэ .

     4.4  Дотоод гадаардын цэцэрлэг, сургууль, аж  ахуйн нэгж  байгууллагатай гэрээ хийж хамтран ажиллана .

     4.5  Цэцэрлэгт ашиглагдахгүй байгаа зарим өрөө тасалгааг гэрээний үндсэн дээр түрээслүүлж түрээсийн мөнгийг хамт олны нийгмийн асуудлыг шийдэх, цэцэрлэгийн барилгын засвар, тохижилтын ажилд зарцуулна .

      4.6 Багш ажилтны ажлыг хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хагас буюу жилийн эцэст дүгнэнэ. Багш ажилтны ажлын үр дүнг сар бүрийн 28 – ны дотор дүгнэн урамшууллыг улирлын эцэст олгоно.

      4.7 Багш ажилтныг шаардлагатай тохиолдолд өөр ажилд бүр болон түр хугацаагаар шилжүүлэн ажиллуулна .

      4.8 Анги танхим, өрөө тасалгаа, гал тогоонд гадны хүн орохыг хориглоно.

      4.9 Цэцэрлэгийн материалаг нөхцлийг бэхжүүлэх зорилгоор тоглоом, сургалтын хэрэглэгдхүүн, сургалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, тавилга, эд хөрөнгө, зарим хүнсний зүйлийг зах зээлээс хямд үнээр олж нийлүүлэхэд мөнгө бэлнээр буюу шилжүүлгээр гарган зарцуулна .

       4.10 Байгууллагын нийт өмч хөрөнгийн тооллогыг жилд 2 удаа явуулж, өмч хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтын байдалд үнэлгээ дүгнэлт өгч хэтийн болон ойрын ажлын төлөвлөгөөнд тусгана.

       4.11 Цэцэрлэгийн захиргаа нь багш ажилтантай өмчийн хариуцлагын гэрээ байгуулж ажиллана .

       4.12 Цэцэрлэгийн захиргаа нь баяр ёслолын үеэр хариуцлагатай жижүүр гарган ажиллана .

       4.13 Дараах зөрчлийг сахилгын зөрчил гэж үзэн , Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн дагуу шийтгэл ноогдуулна Үүнд :

  • Багш ажилтан ажлын байранд заагдсан ажил үүрэг, дотоод журам, үр дүнгийн буюу хөдөлмөрийн гэрээнд заагдсан зүйлүүдийг хангалтгүй биелүүлэн ажилласан болон захиргаанаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараалан буюу 2-3 удаа чанаргүй огт биелүүлээгүй тохиолдолд
  • Сургалт хүмүүжлийн ажлыг бэлтгэл зохион байгуулалт муутай явуулж хүүхдийг хохироосон тохиолдолд
  • Ажлын цагийн ашиглалт хангалтгүй, идэвх санаачлагагүй ажилласнаас ажлын үр дүн буурсан, сарын ажлын чанарын үзүүлэлт 1-2 удаа хангалтгүй дүнтэй шалгагдсан
  • Хугацаатай мэдээ судалгаа, хүүхэд хөгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөлт, хүүхдийн хөгжлийн ахицын ажиглалт тэмдэглэл хөтлөөгүй, сургалтын хөтөлбөрийг цаг хугацаанд нь батлуулаагүй  тохиолдолд
  • Өмч хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтанд тавих анхаарал хариуцлагыг сулруулснаас эд хөрөнгийг гэмтээж чанарыг муутгаж , алдаж үрэгдүүлсэн тохиолдолд
  • Ажилтан нь тухайн ажилдаа ур чадварын хувьд тэнцэхгүй тохиолдолд өөр ажилд шилжүүлэн ажиллуулах буюу сахилгын шийтгэл оногдуулах
  • Багш ажилтан нь захиргаанаас авсан чөлөөний хугацааг хэтрүүлэн ажил тасалсан тохиолдолд
  • Байгууллага хамт олны харилцаанд сөрөг нөлөө үзүүлэх ёс суртхууны зөрчил гаргах, хүүхэд, эцэг эх, хамт олны дунд үлгэргүй байдал гаргасан, гомдоосон, хамт олонтойгоо зан харьцааны хувьд таарахгүй байгууллагын эв нэгдлийг алдагдуулсан тохиолдолд

     4.14 Дараах зөрчлийг хөдөлмөрийн ноцтой зөрчил гэж үзэн , цэцэрлэгийн захиргааны санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцална . Үүнд :

  • Мэргэжлийн алдаа гаргасан бол \ажлын байранд заагдсан үүргүүдээ биелүүлээгүй\
  • Багшийн ажлыг үнэлж дүгнэхэд F үнэлгээ авахад
  • Ажлын цагаар аюулгүй ажиллагааны дүрмийг биелүүлээгүйгээс хүүхдэд гэмтэл учруулж , хохироосон тохиолдолд
  • Багш ажилтны хараа хяналт сулаас хүүхэд оргосон ,алдсан тохиолдолд
  • Багш ажилтан нь хүүхдэд шийтгэлийн буруу арга хэрэглэсэн , хүүхдийг бие болон сэтгэл санааны дарамтанд оруулсан тохиолдолд
  • Цэцэрлэгийн өмч хөрөнгийг идэж ашигласан , эцэг эхээс дур мэдэн мөнгө , бусад зүйл татах
  • Багш ажилтан хариуцсан ажилдаа эцэг эхээс гомдол гаргаж ажилласан тохиолдолд
  • Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан тохиолдолд \1буюу түүнээс дээш хоног\
  • Цэцэрлэгийн захиргааны шалгалт болон удирдах дээд байгууллагын үзлэг , шалгалтанд хангалтгүй дүн үзүүлсэн тохиолдолд
  • Сахилгын зөрчлийг удаа дараалан буюу 2-3 удаа давтан гаргасан тохиолдолд

     Тав. Багш ажилчдын эрх үүрэг

      5.1 Багш ажилчид нь Монгол улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Боловсролын тухай хууль ,Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль , төрийн албаны тухай хуулинд заасан эрх үүргийнхээ дагуу төр засгийн хууль , тогтоомжийг хэрэгжүүлж төрийн албан хаагчийн нэр хүндийг өндөрт байлгаж үнэнч шударга хөдөлмөрлөж багшийн ёс зүйн болон үйлчилгээний ажилчдын соёлч боловсон байдал , зан харьцааны зөвбайдлыг  чанд сахиж хүүхэд төвт хөгжүүлэх сургалтын онол , арга зүйн мэдлэг боловсрол , мэргэжлийн ур чадвараа байнга дээшлүүлж хүүхдэд шинжлэх ухааны үндэстэй мэдлэг чадвар , дадал олгож тэдний авьяасыг нээн hөгжүүлж ,эрүүл чийрэг, цовоо , сэргэлэн өсч хөгжих таатай орчныг бүрдүүлж сургалтын ажлыг зөв зохион байгуулж хүүхдийн төлөө чин сэтгэлээсээ ажиллана.

     5.2.Ажлын байрны тодорхойлолт, гэрээгээр хүлээсэн үүрэгт ажилдаа эзэн болж ажлынхаа үр дүнг сар бүр бичгээр тайлагнаж хагас болон бүтэн жилийнхээ ажлын тайланг цаг хугацаанд нь тайлагнах бөгөөд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь чанартай биелүүлэн,гүйцэтгэлийг заавал мэдэгдэж байна.

     5.3.Багш ажилчид нь үйл ажиллагааны төлөвлөгөө гарган ажиллаж гүйцэтгэлийг сар бүр дүгнүүлнэ.

     5.4 Багш нар жижүүр багшийн үүрэг гүйцэтгэж багш ажилчдын цагийг бүртгэн тухайн өдрийн бүхий л үйл ажиллагаанд хяналт явуулж тэмдэглэл хөтлөн шаардлага тавина.

     5.5 Ажлын байранд байгаа эд хөрөнгийг хариуцан албан хэрэг үйл ажиллагаандаа хэрэглэн тоног төхөөрөмжийг эмх цэгцтэй хэвийн үйл ажиллагаатай байлгаж төсөв зардлыг хэмнэн ажлын байрны ариун цэврийг хариуцан ажиллана.

     5.6 Багш  ажилчид албан хэрэг хөтлөлт, мэдээ судалгаа, баримт бичиг боловсруулахдаа улсын стандартыг мөрдөн мэргэжлийн ур чадвараа байнга дээшлүүлж ажиллана.

     5 .7 Багш ажилтан эрүүл мэндээ хамгаалуулах, ажлын байрны нөхцлийг сайжруулах тухай хүсэлт гаргах, ажиллахын зэрэгцээ суралцан мэргэжил боловсролоо байнга дээшлүүлнэ .

     5.8 Цэцэрлэгийн орчныг тохижуулах болон бусад шаардлагатай ажлуудад идэвх санаачлагатай оролцоно.

     5.9 Бүлгийн багш нар өдөрт 25-аас дээш  хүүхэд хүлээн авч сургалт хүмүүжлийн ажиллагааг чанартай явуулж цэцэрлэгт ирээгүй хүүхдийн шалтгааныг тодруулан удаан хугацаагаар чөлөө авсан, өвдсөн, тасалсан хүүхдийн оронд хүүхэд шинээр элсүүлэх асуудлыг цэцэрлэгийн захиргаанд тавин шийдвэрлүүлнэ.

     5.10 Багш ажилтан нь эрүүл мэндийн  шинжилгээгүй хүүхэд бүлэгтээ авахыг хориглоно.

     5.11 Багш ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд зориулж  багш ажилчдаас   сар бүрийн цалингаас  10000 төгрөг суутган  хуримтлуулан хамтын сан байгуулна. -Хамтын санг хариуцах ажилтныг багш ажилчдын хурлаар хэлэлцэн сонгож ажиллуулна.

  • Хамтын санд хуримтлагдсан хуримтлалыг багш ажилчдын амралтын үед байгалийн үзэсгэлэнт газруудаар аялах зугаалга , аймгийн төвд болох үзвэр үзэх зэрэгт зарцуулна .Дээрх үйл ажиллагаанд оролцоогүй багш ажилтанд хуримтлалаас нөхөн олговор хийгдэхгүй .
  • Хамтын сан хариуцсан ажилтан орлого , зарлагын тайлангаа шаардлагатай үед болон улирал бүр хамт олны хуралд тавьж хэлэлцүүлнэ.

     Зургаа. Багш ажилтанд үзүүлэх тусламж хөнгөлөлт

      6.1 Багш ажилтан нь Төрийн албаны тухай хуулийн 29, 30 дугаар зүйл, Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлд заасан тусламж хөнгөлөлт, нийгмийн баталгааг тогтоосон журмын дагуу эдлэнэ .

      6.2 Багш ажиллагсдад амьдралын гачигдал, зовлон, баяр баясгаланг хуваалцахад хамт олны тусламжийг үзүүлнэ . Үүнд :

  • Өөрийн төрсөн /аав, ээж, ах, эгч, дүү, хадам аав, ээж/ төрөгсөд нас барсан тохиолдолд багш ажилтан бүрээс 10000 төгрөг
  • Тэмдэглэлт өдрийнх нь баяр ёслолд багш ажилтан бүрээс 3000 – 5000 төгрөг

.   6.4 Багш ажилчид  мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдвал жилд 1 удаа замын зардлын зохих хувийг хөнгөвчлөн цалинг бүтэн олгоно.

     6.5 Өөрийн эрүүл мэндээ  хамгаалан чийрэгжүүлж ажлын цагийн гарздалгүй ажилласан багш ажилтанд ээлжийн амралт дээр нь 3 хоногийн нэмэгдэл амралт олгоно.

      Долоо . Эцэг эхийн үүрэг хариуцлага

      7.1 Цэцэрлэгийн захиргаа нь бүлгийн багш, эцэг эх / тэднийг төлөөлөх асран хамгаалагч/ – ийн хооронд гурвалсан гэрээ байгуулан ажиллана .

     7.2 Эцэг эхчүүд сургалт хүмүүжлийн үйл ажиллагааны талаар санал хүсэлтээ цэцэрлэгийн захиргаанд тавих эрхтэй .

     7.3 Эцэг эхчүүд цэцэрлэгээс зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцох , хүүхдийнхээ сургал хүмүүжлийн ажилд хяналт тавих, анги бүлэг тохижуулахад санаачлагатай ажиллах үүрэгтэй .

     7.4 Эцэг эхчүүд хүүхдээ өөрийн биеэр болон насанд хүрсэн хүнээр багшид хүлээлгэн өгч , хүлээн авна.

     7.5 Хүүхэд цэцэрлэгт 7 – оос дээш хоногоор ирээгүй тохиолдолд хүүхдийг цэцэрлэгээс чөлөөлөх буюу 14 эрүүл мэндийн шинжилгээг дахин хийлгэнэ.

      Найм. Бусад

       8.1 Энэхүү дотоод журмыг цэцэрлэг үндсэн үйл ажиллагаагаа албан ёсоор эрхлэн явуулж буй хугацаанд нийт багш ажилтнууд дагаж мөрдөнө.

     8.2 Цэцэрлэгийн дотоод журам нь энэхүү журам болон Монгол улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Боловсролын тухай багц хууль, Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль болон бусад хууль тогтоомж, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын тогтоол шийдвэр гэрээнд  нийцүүлэн гаргасан хавсралт журмуудаас бүрдэнэ.

 

Сэтгэгдэл